Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэж буй нийт гишүүд, дэмжигчид, гишүүн байгууллагуудын хамт олон болон эрдэмтэн багш нартаа баярласан талархсанаа илэрхийлж, Монгол Улсад Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үүсч хөгжсөний 15 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг /цаашид “ТМЗН” гэх/ нь Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо /цаашид “AOTCA” гэх/-ны гишүүн байгууллага бөгөөд мэргэжлийн ур чадвартай татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ бүхий татварын харилцааг төлөвшүүлэх, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

2018 онд манай нийгэмлэг нийт гишүүд дэмжигчид, хамтран зүтгэгчид та бүхнийхээ дэмжлэгээр АОТСА-ны олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж чадсан төдийгүй энэ үеэр Ази, Европ, Баруун Африкийн орнууд нэгдэж “Улаанбаатарын тунхаг бичиг”-ийг үзэглэн “Татварын зөвлөхүүдийн глобал платформ” байгуулж буйгаа тунхагласан. Энэхүү түүхэн үйл явдлыг Монголын нийт татварын зөлөхүүдийнхээ хамт гэрчилж Монгол улс болон Улаанбаатар хотынхоо нэрийг дэлхийн татварын түүхэнд мөнхөлсөн билээ.

Бид Татварын мэргэшсэн зөвлөхүүдийнхээ мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн дээшлүүлэхэд анхааран ажиллахын зэрэгцээ тэдний  дуу хоолойг нийгэмд хүргэн ТАТВАРЫН АЛБА-ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ГҮҮР болон ажиллахыг зорьдог.

Даяарчлагдаж буй өнөө үед манай байгууллага нь бүх гишүүд, дэмжигчид, татвар төлөгчдөдөө хүрч ажиллах чин хүслээр жигүүр хийн энэхүү цахим хуудсыг ажиллуулж, гишүүдрүү чиглэсэн бүхий л мэдээлэлийг цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэж цахим хуудасны шинэчлэл болон программын хөгжүүлэлтийг тасралтгүй хийн ажиллаж байна. Та бүхэн энэхүү сайтаас сургалт шалгалттай холбоотой мэдээлэл авахаас гадна цахимаар хичээлээ судалж, шалгалтаа өгөх боломжууд ч бүрдээд байгааг цохон тэмдэглэе.

МУ-д ТМЗҮ-ний тогтолцоог хөгжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэж буй ЭРХЭМ ТМЗ ТАНД БАЯРЛАЛАА

Та бүхэндээ ТМЗН-ийн хамт олон болон хувийн зүгээс ажлын өндөр амжилт хүсье!

Хүндэтгэсэн;  Гүйцэтгэх захирал
Цэрэндэжид БОЛОРМАА

page-8232