Mонгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн цахим хуудаст зочлож буй та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилж Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Монгол Улсад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний үндэс суурийг тавилцан, дэлхийн улс орнуудын жишгээр татварын орчноо хөгжүүлэх олон алхмыг хамтдаа хийж, бүтээлцэж ирсэн нийт гишүүд, дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хүрээнд татварын мэргэшсэн зөвлөхийг бэлтгэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, татварын харилцаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг төлөвшүүлэх эрх үүрэг бүхий төрийн бус байгууллага билээ.

Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь “Татварын орчинд мэргэшсэн мэргэжилтний туслалцаа бүхий хүмүүнлэг ардчилсан, шударга харилцаа бүрдүүлэх” алсын хараа, Хараат бус, Чанартай үйлчилгээ, Үйлчлүүлэгчийн итгэл гэсэн үнэт зүйлийн дор татвар төлөгч болон татварын албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйлсэд мэргэжлийн мэргэшсэн бат бөх гүүр нь байх болно.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбооны (АОТСА) гишүүн байгууллага бөгөөд уг холбооны 2018 оны ээлжит хурлыг нийт гишүүд дэмжигчид, хамтран ажиллагч байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ. Дэлхийн улсын орнуудын татварын зөвлөхүүдийн төлөөлөл Монгол улсад маань зочлон чуулах тэр түүхэн агшинд нийслэл Улаанбаатар хотоороо нэрлэгдсэн Дэлхийн Татварын Зөвлөхүүдийн Глобал Платформ\GTAP\-ын тунхаг бичгийг үзэглэсэн нь Дэлхийн Татварын Зөвлөхүүдийн түүхэнд Монголчууд бидний оруулж буй хувь нэмрийг илтгэнэ. Дэлхийн даяарчлал, асар хурдтай өөрчлөгдөж буй хөгжил, дэвшил нь татварын хууль эрх зүйн орчныг зөвхөн тухайн улсын гэхээс илүү олон улсын шинжтэй болгож буй нь биднээс илүү хурдтайгаар олон улсын татварын онол, ойлголтыг танин мэдэх стандартуудыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Тус нийгэмлэг нь өргөн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн зөвлөхийг бэлтгэх, чадавхжуулах, татварын судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх үйлсэд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох зэргээр бүх талын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах хүн бүрд үргэлж нээлттэй байх болно.

Бидний хамтын ажил үйлс арвин, амжилт бүтээлээр дүүрэн байж Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ хөгжих болтугай.

Хүндэтгэсэн; Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Доктор, профессор
Гүнсэн АЛТАНЗАЯА

page-8220