САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр                                                                                                                                                   Улаанбаатар хот

Дугаар 101
Журам шинэчлэн батлах тухай

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, Татварын мэргэшсэн зөвлөхөд олгох гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
Хоёр. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалт авах арга хэмжээг батлагдсан журмын дагуу зохион байгуулахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т даалгасугай.
Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                   Ч.ХҮРЭЛБААТАР


 

Сангийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХӨД ЭРХ ОЛГОХ, СУНГАХ ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

1.1.Энэхүү журмаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль /цаашид “Хууль” гэх/-д заасан татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах, шалгалт /цаашид шалгалт гэх/-ыг зохион байгуулах, Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, эрхийн хугацааг сунгах, эрхийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан шалгалтын бүрэлдэхүүн /цаашид комисс гэх/ нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг /цаашид Нийгэмлэг гэх/-тэй хамтран шалгалтыг зохион байгуулна.
2.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалт нь эрх олгох, эрх сунгах гэсэн хэлбэртэй байх бөгөөд шалгалтыг танхим, эсхүл цахимаар зохион байгуулна.
2.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтыг жилд 2 удаа Улаанбаатар хотод зохион байгуулна. Орон нутагт тухайн аймгийн суралцагчдын хүсэлтийг үндэслэн шалгалтын товыг тогтоож, зохион байгуулна.
2.3.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтыг нийгэмлэгийн сургалтад хамрагдаж, батламж авсан иргэн өгнө.
2.4.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтын өмнө иргэн нийгэмлэгээс зохион байгуулагдах “Санхүү болон өртөг, удирдлагын бүртгэл”, “Татварын англи хэл” гэсэн сорилын шалгалт өгч, тэнцсэн байна.
2.5.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

2.5.1.Татварын бүртгэл 5 цаг;

2.5.2.Татварын онол- Мэргэжлийн ёс зүй 2.5 цаг;

2.5.3.Хууль эрх зүй 2.5 цаг;

2.5.4.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэглээ 3 цаг;

2.5.5.Эрх сунгах 3 цаг.

2.6.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалт тус бүрийн оноо 75 /далан тав/ ба түүнээс дээш тохиолдолд шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
2.7.Энэ журмын 2.5.1-2.5.4-т заасан шалгалтын аль нэгд 75 ба түүнээс дээш үнэлгээ авсан бол тухайн шалгалт нь 18 сарын хугацаанд хүчинтэй байна.
2.8.Энэ журмын 2.6 болон 2.7-д заасан үнэлгээг шалгалтын комисс нягтлан, тогтоолоор баталгаажуулна.
2.9.Шалгалтын материалыг дүгнэх, дүнг нэгтгэх, мэдээлэх ажлыг шалгалт авснаас хойш 24 цагийн дотор зохион байгуулна.
2.10.Шалгалтын хариултыг шалгалтын комисс \шалгагч машинаар\ засаж оноог нэгтгэн дүнг гаргана.
2.11.Шалгуулагч нь шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн нууц дугаараар үзэж танилцана.
2.12. Эрх сунгах шалгалт өгөх гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.12.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрэмд заасан гишүүний үүргийн биелэлтийг хангасан байх;

2.12.2.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу нийгэмлэгээс зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх;

2.12.3.Татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эсхүл төсөл бичиж хамгаалсан байх.

2.13.Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн тушаалаар томилогдсон судалгааны төвийн зөвлөл нь энэ журмын 2.12-д заасан шаардлагыг хангуулж, дүнгийн нэгтгэлийг шалгалтын комисст хүргүүлнэ.
2.14.Энэ журмын 10.3 дахь хэсгийн дагуу шалгалтын үнэлгээнд өөрчлөлт оруулж болно.
3.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулах, дүгнэх, түүнд хяналт тавих ажлыг орон тооны бус шалгалтын комисс хэрэгжүүлнэ.
3.2.Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтын комиссыг Сангийн сайдын тушаалаар жил бүрийн 2-р улирлын эхэнд томилно.
3.3.Шалгалтын комисс нь нийт 9 гишүүнтэй байх бөгөөд шалгалтын комиссын дарга, гишүүдийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.4.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 14.3-т заасан нийгэмлэгээс болон эрдэм шинжилгээ сургалтын байгууллагаас нэр дэвшүүлэх гишүүдийг нийгэмлэг санал болгоно.
3.5.Төрийн байгууллагаас нэр дэвшүүлэх 3 гишүүнийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас 2, Татварын ерөнхий газраас 1 хүнийг /нийгэмлэг санал болгох/ Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилно.
3.6.Шалгалтын комиссын 2/3–оос доошгүй хувь нь татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй байна.
3.7.Шалгалтын комиссын даргыг нийгэмлэгээс болон төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэлийн газраас нэр дэвшүүлсэн гишүүдээс томилно.
3.8.Шалгалтын комиссын дарга нь татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй эсхүл эрдмийн зэрэгтэй байна.
3.9.Шалгалтын комиссын нарийн бичгийн даргыг нийгэмлэгээс санал болгон томилно.
3.10.Орон нутагт зохион байгуулагдах шалгалтыг тухайн орон нутгийн салбарын эрхлэгч, татварын хэлтсээс төлөөлөл оролцуулан, шалгалтын комисст нийгэмлэгээс томилогдсон гишүүн зохион байгуулна.
3.11.Шалгалт авахтай холбоотой аливаа асуудлыг болон шалгуулагчаас ирсэн өргөдлийг шалгалтын комиссын хуралд хүрэлцэн ирсэн гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.
3.12.Шалгалтын комисс нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлж, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

3.12.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалт авах;

3.12.2.Шалгалтын комисст орсон гишүүн тухайн үйл ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тохиолдолд энэ талаараа нарийн бичгийн даргад 48 цагийн өмнө мэдэгдэх;

3.12.3.Шалгалтын комисс нь эрх үүргийнхээ хүрээнд тогтоол гаргах; /Төлбөр, хуваарь, үйлчилгээний хөлс гэх мэт бусад/

3.12.4.Шалгалт авах хэлбэр, ашиглах техник хэрэгсэл болон бусад асуудлуудыг шийдвэрлэх;

3.12.5.Шалгуулагчдад зааварчилга өгөх, хяналт тавих;

3.12.6.Шалгалтын комиссын шийдвэрээр томилогдсон гишүүд нь нарийн бичгийн даргын хамтаар шалгалтын материалыг боловсруулах, олшруулах;

3.12.7.Энэ журмын 3.12.6-д заасан үүргийг хэрэгжүүлсэн гишүүд, нарийн бичгийн дарга нь шалгалтын материалын нууцлалыг чандлан хариуцах;

3.12.8.Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын танхимд ирж шалгалт авах бэлтгэлийг хангуулах;

3.12.9.Шалгалтын материалын битүүмжлэлийг шалгуулагчаар хянуулан задалж тараах;

3.12.10.Шалгуулагч нь тавигдсан шаардлага, хориглосон зүйлсийг зөрчсөн тохиолдолд тэмдэглэл хөтлөн, шалгалтын танхимаас гаргах, бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүйд тооцох;

3.12.11.Шалгалтын хугацаа дуусахад шалгуулагчийн шалгалтын материал, хариултын хуудасны иж бүрэн байдал, кодыг хянан, хураан авч дугтуйд хийн битүүмжилж, гарын үсэг зурж, нарийн бичгийн даргад хүлээлгэн өгөх;

3.12.12.Шалгалтын материал засагдсаны дараа нууц кодыг хөрвүүлэн шалгуулагч бүрээр дүнг гаргах;

3.12.13.Шалгалтын нэгдсэн дүнг баталгаажуулсан тогтоол гарган, нарийн бичгийн даргад хүлээлгэн өгөх.

3.13.Шалгалтын комиссын гишүүдэд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

3.13.1.Шалгуулагч нь ирээгүйгээс үлдсэн шалгалтын материалыг нарийн бичгийн даргад хүлээлгэн өгөхгүй байх, материалын нууцлалыг задруулах;

3.13.2.Шалгалтын дундуур гарч явах, утсаар ярих;

3.13.3.Шалгалтын материалыг тодруулахаас өөрөөр шалгуулагчтай харьцах;

3.13.4.Шалгалтын материалыг энэ журамд зөвшөөрснөөс бусад тохиолдолд олшруулах, тараах;

3.13.5.Энэ журмын 2.14 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шалгуулагчийн дүнг засах буюу өөрчлөх;

3.14.Шалгалтын комиссын гишүүн нь энэ журмын 3.12.7, 3.13.1; 3.13.4; 3.13.5 дахь хэсэгт заасан үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдвол шалгалтын комиссын гишүүнээс түдгэлзүүлнэ.
3.15.Шалгалтын комиссын дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд:

3.15.1.Шалгалтын комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлах;

3.15.2.Шалгалтын комиссын хурлын товыг тогтоох, удирдах;

3.15.3.Шалгалтын комиссын гишүүдийг аргазүйн удирдлагаар хангах, мэдээлэл өгөх, хяналт тавих;

3.15.4.Шалгалтад тэнцсэн шалгуулагчдын жагсаалтыг тогтоолоор баталгаажуулан шалгалт дууссанаас хойш 72 цагийн дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилж шийдвэрлүүлэх;

3.15.5.Шалгалтын комиссын дарга нь гишүүдийн адил хариуцлага хүлээнэ.

3.16.Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлж, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

3.16.1.Шалгалтын комиссын хурлын товыг зарлах, зохион байгуулах ажлыг хариуцах;

3.16.2.Шалгалт өгөх хүмүүсийн бүртгэлийг нягтлах, холбоотой асуудлыг шалгалтын комиссын хуралд оруулан шийдвэрлүүлэх;

3.16.3.Шалгалт авах байрны нөхцөлд нийцүүлэн шалгуулагчдыг бүлэг болгон хуваарилах;

3.16.4.Шалгалтын комиссын өмнө ил тод байдлаар дүнгийн нэгтгэлийг хариуцан гаргах;

3.16.5.Шалгалтын материалыг хүлээн авч, олшруулах, архивлах, нууцлах зэргийг зохион байгуулах;

3.16.6.Шалгалтын комиссоос битүүмжлэн хүлээлгэн өгсөн материалыг бусдад дамжуулахгүй, задлахгүй байх;

3.16.7.Шалгалтын нэгдсэн дүнг баталгаажуулсан тогтоол, тухайн шалгалттай холбоотой материалыг нийгэмлэгийн архивд хүлээлгэн өгөх;

3.16.8.Шалгалт авах болон дүгнэх байр, техник хэрэгслийн бэлтгэл ажлыг зохион байгуулах;

3.16.9.Энэ журмын 8.1-д зааснаар эрх олгох шалгалтад тэнцсэнд тооцогдох шалгуулагчдын материалын бүрдлийг нягталж, жагсаалтыг болон бусад шийдвэрлэх асуудлыг шалгалтын комиссын хуралд оруулан шийдвэрлүүлэх;

3.16.10.Энэ журмын 8.2-т зааснаар эрх сунгах шалгалтад тэнцсэнд тооцогдох гишүүдийн жагсаалтыг нягтлан, шалгалтын комиссын хуралд оруулан шийдвэрлүүлэх;

3.17.Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нь энэ журмын 3.16.4-3.16.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь баримтаар нотлогдвол шалгалтын комиссын нарийн бичгийн даргаас түдгэлзүүлнэ.
4.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан шаардлагыг хангасан иргэн татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалт өгөх эрхтэй.
4.2.Шалгуулагч нь шалгалтын дүнг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 24 цагийн дотор багтаан гомдлоо шалгалтын комисст бичгээр гаргаж болно.
4.3.Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, бүртгүүлэн, шалгалт өгөх танхимд 10 минутын өмнө байраа эзэлсэн байх үүрэгтэй.
4.4.Энэхүү журмын 4.3-д заасан хугацаа (цаг, минут)-с хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй.
4.5.Шалгуулагч нь шалгалтын анги танхимд зөвшөөрснөөс бусад ямар нэг техник хэрэгсэл, гарын авлага, ноорог цаас, сурах бичиг болон бусад зүйл авч орох, шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авах, өөрийнхөө оронд хүн оруулах, бичиг баримт хуурамчаар үйлдэх зэргийг хориглоно.
4.6.Шалгалтын материал ба хариултын хуудсыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд орж гарахыг хориглоно.
4.7.Шалгалтын хариултыг тараан өгсөн харандаагаар тусгайлан бэлдсэн хуудсанд зааврын дагуу засваргүй бөглөн гүйцэтгэнэ. Бодолттой даалгаврыг хар болон хөх өнгийн балаар тод засваргүй гүйцэтгэнэ.
4.8.Шалгалтын хуудсанд код, хариултыг бөглөж дууссаны дараа шалгалтын материалыг бүртгэлийн хуудасны хамт шалгагчид шалгуулан хураалгана.
4.9.Шалгуулагч шалгалтын хуудсанд өөр ямар нэгэн тэмдэглэгээ (овог, нэр, бүртгэлийн дугаар гэх мэт) хийхийг хориглоно.
4.10.Шалгуулагч нь биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
4.11.Шалгуулагч нь журам зөрчсөн тохиолдолд бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалт нь хүчингүйд тооцогдоно.
5.1.Нийгэмлэг нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 18.2.4-т заасны дагуу шалгалтыг зохион байгуулна.
5.2.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөрийг жил бүрийн эхний улиралд багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
5.3.Шалгалтын комиссын ажилд нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг тусална. Ажлын хэсэг нь шалгалтын материалыг дүгнэхэд оролцохгүй.
5.4.Шалгалтын товыг нийгэмлэгийн албан ёсны сайтаар шалгалт авах өдрөөс өмнө хуанлийн 21 хоногт багтаан, дараах мэдээллийг оруулан нийтэд мэдээлнэ. Үүнд:

5.4.1.Шалгалт авах газрын хаяг;

5.4.2.Шалгалт авах огноо, цаг;

5.4.3.Шалгалтын хуваарь;

5.4.4.Бүрдүүлэх материалын жагсаалт;

5.4.5.Шалгалт авах хэлбэр /танхим, цахим/

5.5.Нийгэмлэг нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлж, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

5.5.1.Шалгуулагчийг бүртгэх, жагсаалтыг гаргах, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нарийн бичигт хүлээлгэн өгөх;

5.5.2.Шалгуулагчийг бүлэгт хуваарилах, шалгалт авах танхимыг бэлтгэх, суудлыг хуваарилахад нарийн бичгийн даргад туслах;

5.5.3.Шалгалтын явцад шалгуулагчдад хөндлөнгийн хяналт тавих;

5.5.4.Шалгалтын нарийн бичгийн даргаас шалгалтын баталгаажсан дүнг хүлээн авч нийгэмлэгийн цахим хуудсанд 24 цагийн дотор байршуулах;

5.5.5.Шалгалтын материал болон бүртгэлийн хуудсыг кодлох;

5.5.6.Шалгалтад тэнцсэнд тооцогдох шалгуулагчдын материалыг бүрдүүлж, жагсаалт гарган нарийн бичгийн даргад хүргүүлэх;

5.5.7.Шалгалтын нэгдсэн дүн нийтэд зарлагдсаны дараа тухайн шалгалтын материалыг нарийн бичгийн даргаас хүлээн авч, нууцлалыг ханган архивлах;

5.5.8.Энэ журмын 2.4, 2.12 –т заасан шаардлагыг хангуулсан байх;

5.5.9.Шалгалтын комиссын хэвийн ажиллах нөхцөлийг хангах.

5.6.Нийгэмлэг нь шалгуулагчийн танхимаар өгсөн шалгалтын материалыг 3 сарын хугацаанд хадгалсны дараа гүйцэтгэх захирлын тушаалаар устгаж, баримтжуулна.
6.1.Шалгалтын товыг нийтэд мэдээлснээр бүртгэл эхэлнэ.
6.2.Шалгалтын бүртгэлийг нийслэлд нийгэмлэгийн сургалтын менежер, орон нутагт салбарын эрхлэгч /төлөөлөгч/ бүртгэж, шалгалт эхлэхээс 48 цагийн өмнө дуусгавар болгон шалгалтын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.
6.3.Эрх олгох шалгалтад орох болзлыг хангасан орон нутгийн харьяалалтай иргэн хүсвэл Улаанбаатар хот болон бусад аймагт шалгалт өгч болох бөгөөд шалгалт хоорондын хугацаа 6 сар байна.
6.4.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад орох болзлыг хангасан Улаанбаатар хотын харьяалалтай иргэн орон нутагт шалгалт өгөхийг хориглох бөгөөд зайлшгүй тохиолдолд өргөдлийг шалгалтын комиссын хуралд танилцуулан, комиссын даргаар цохолт хийлгэсэн нөхцөлд орон нутагт шалгалт өгч болно.
6.5.Эрх олгох шалгалтад эхний удаа бүртгүүлж буй шалгуулагч нь дор заасан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

6.5.1.Шалгалтад орохыг хүссэн өргөдөл /Маягт татаж авах/;

6.5.2.Анкет бөглөх/Маягт татаж авах/

6.5.3.Албан байгууллагын тодорхойлолт;

6.5.4.Мэргэжлээрээ тав, түүнээс доошгүй жил ажилласныг нотлох /нийгмийн даатгалын дэвтрийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсгийг нотариатаар батлуулсан хуулбарыг үндэслэх/;

6.5.5.Иргэний үнэмлэхийн хуулбар;

6.5.6.Мэргэжлийн сургууль төгссөн дипломын нотариатаар батлуулсан хуулбар;

6.5.7.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгоход бэлтгэх сургалтад хамрагдсаныг нотлох батламж;

6.5.8.Сүүлийн 3 сард авахуулсан 3*4 хэмжээтэй 2 хувь зураг

6.5.9.Шалгалтын төлбөр төлсөн баримт;

6.5.10.Шалгалтад орох бүртгэлийн хуудсыг авах.

6.6.Дээрх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулаагүй тохиолдолд бичиг баримтыг эх хувьтай нь тулган, бүртгэнэ.
6.7.Эрх олгох дараагийн шалгалтад дахин бүртгүүлж буй шалгуулагч нь дор заасан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

6.7.1.Өмнөх бүрдүүлсэн материалд өөрчлөлт байгаа бол түүний өөрчлөлтийг хийлгэх; /хаяг, цахим хаяг, утасны дугаар зэрэг/

6.7.2.Шалгалтын төлбөр төлсөн баримт;

6.8.Шалгалтад бүртгүүлсэн боловч шалгалтад ороогүй этгээдэд энэ журмын 6.2-д заасан хугацаанаас хойш шалгалтын хураамжийг буцаан олгохгүй бөгөөд бусдад шилжүүлэх болон бусад шалгалтын төлбөрт оруулан тооцохгүй.
6.9.Шалгалтад бүртгүүлсэн этгээд нь шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ цуцалсан тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг буцаан олгож болно.
6.10.Эрх сунгах шалгалтыг татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийн хугацаа дуусахаас өмнө нийгэмлэг зохион байгуулна.
6.11.Эрх сунгах танхимын шалгалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Шаардлагатай үед орон нутагт эрх сунгах шалгалт авахдаа аймгуудыг бүсчлэн зохион байгуулж болно.
7.1.Шалгалтын материал нь сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцсэн, мөн тестийн сангаас санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна.
7.2.Шалгалт авах материалын эх хувийг шалгалтын комисс гарын үсэг зуран, тэмдэг даран битүүмжлэн, нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.
7.3.Шалгалт авах материалыг олшруулахад томилогдсон гишүүд битүүмжлэлийг хянаж задална.
7.4.Шалгалт авах материалыг олшруулах ажлыг дараах байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:

7.4.1.Шалгалт авах материалыг олшруулах ажлыг шалгалтын комиссоос томилогдсон гишүүд, нарийн бичгийн даргын хамт хийж гүйцэтгэх;

7.4.2.Шалгалт авах материал олшруулах байранд шалгалтын комисс болон нарийн бичгийн даргаас бусад хүнийг нэвтрүүлэхгүй байх;

7.4.3.Олшруулсан шалгалт авах материалыг тоолох, нягтлах ажлыг шалгалтын комиссоос томилогдсон гишүүд, нарийн бичгийн даргатай хамтран гүйцэтгэх;

7.5.Шалгалт авах материалыг Улаанбаатар хотод бол шалгалт эхлэхээс 6-аас доошгүй цагийн өмнө олшруулан битүүмжилсэн байна.
7.6.Орон нутагт шалгалт зохион байгуулж байгаа тохиолдолд орон нутаг явахын өмнөх өдөр нь олшруулан битүүмжлэх ажлыг зохион байгуулах;
7.7.Шалгалт авах материалыг тараахаас өмнө болон шалгалт эхэлсний дараа шалгалт авах материал задарсан нь тогтоогдвол шалгалтын комисс хуралдаж шалгалт авах материалыг дахин боловсруулж анх товлосон хугацаанаас хойш 24 цагийн дотор багтааж шалгалтын товыг дахин зарлана.
8.1.Эрх олгох шалгалт өгч буй шалгуулагчийг шалгалтын комиссын шийдвэрээр дараах шалгалтад тэнцсэнд тооцно. Үүнд:

8.1.1.Татварын албанд (Сахилгын болон бусад шийтгэлээр татварын албанаас халагдсанаас бусад) 10 болон түүнээс дээш жил ажилласан Татварын улсын байцаагчийг энэ журмын 2.5.3-т заасан шалгалтад тэнцсэнд тооцох;

8.1.2.Мэргэшсэн нягтлан бодогчийг энэ журмын 2.5.4-т заасан шалгалтад тэнцсэнд тооцох;

8.2.Эрх сунгах шалгалт өгч буй шалгуулагчийг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд шалгалтын комиссын шийдвэрээр шалгалтад тэнцсэнд тооцно. Үүнд:

8.2.1.Татвар, санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил бичиж, эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;

8.2.2.Татвар, санхүү нягтлан бодох бүртгэлийн харилцаатай холбоотой хууль, заавар, журам боловсруулах ажлын хэсэгт ажилласан байх;

8.2.3.Нийгэмлэгт 2-оос дээш жилийн хугацаагаар багшилсан эрдэм, шинжилгээ сургалтын байгууллагын багш нар, төрийн албаны мэргэжилтэн, нийгэмлэгийн ажилтанд;

8.2.4.Гурав ба түүнээс дээш удаа татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг сунгуулсан энэ журмын 2.12-т заасан шаардлагыг хангасан гишүүдэд.

8.3.Энэхүү журмын 8.1.1-д заасан нөхцөлийг Татварын албанаас ирүүлсэн албан тоот эсвэл нийгмийн даатгалын дэвтрийг, 8.1.2-д заасан нөхцөлийг Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээг тус тус үндэслэн тооцно.
8.4.Энэхүү журмын 8.1 ба 8.2-д заасан нөхцөлийг хангасан шалгалтад тэнцсэнд тооцох шалгуулагчийг нийгэмлэг тодорхойлон, шалгалтын комисст хүргүүлнэ.
9.1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 14.1-т заасны дагуу Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар шийдвэрлэнэ.
9.2.Энэ журмын 3.15.4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлсэн материалыг Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэлийн газар нь ажлын 3 хоногт багтаан хянаж, Сангийн сайдын тушаалаар гэрчилгээг олгоно.
9.3.Шалгалтын комиссын тогтоолоор Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтад тэнцсэн гишүүдийн жагсаалтыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилж, шийдвэрлүүлнэ.
9.4.Нийгэмлэг нь Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийн хугацаа дуусаж буй талаар татварын мэргэшсэн зөвлөхөд урьдчилан бичгээр мэдэгдэж, гишүүний үүргийн биелэлтийг хангуулах арга хэмжээ авна.
9.5.Татварын мэргэшсэн зөвлөх нь эрхээ сунгуулах хүсэлтийг хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх хүчингүй болсонд тооцно.
10.1.Шалгалтын комисс нь шалгалт зохион байгуулах болон шалгалтын үнэлгээтэй холбогдсон гомдол, маргааныг тухай бүр хянан шийдвэрлэнэ.
10.2.Шалгалтын комиссын дарга нь шалгуулагчийн гомдлыг шалгаж, хуралдаанд танилцуулах гишүүнийг томилж, гомдлыг ажлын 3 хоногт багтаан комиссын хуралдаанаар шийдвэрлэж хариуг өгнө.
10.3.Шалгуулагчийн гомдол үндэслэлтэй тохиолдолд шалгалтын комиссын шийдвэрээр шалгалтын үнэлгээнд өөрчлөлт оруулж болно.

 

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 9-р сарын 27ны  өдрийн 006 тогтоолын 4-р хавсралт

СОРИЛ ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

1.1. Сангийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаар тушаалаар батлагдсан “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ын 2.4-д заасан заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалт өгөхийн өмнөх сорил шалгалт нь “Санхүү болон өртөг, удирдлагын бүртгэл”, “Татварын англи хэл” гэсэн хоёр шалгалтаас бүрдэнэ.

1.3. “Санхүү болон өртөг, удирдлагын бүртгэл” шалгалтын агуулга нь нягтлан бодох бүргтгэлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулгатай нийцнэ. Шалгалтын зорилго нь санхүү болон өртөг, удирдлагын талаар эзэмшсэн байх үндсэн мэдлэг, чадварыг үнэлэхэд оршино. Шалгалтын тест нь энгийн болон бодолттой тест, бодлого агуулсан байна.

1.4. “Татварын англи хэл” хичээлийн шалгалтын тестийн агуулга нь нийгэмлэгийн сорил шалгалтад бэлтгэх сургалтын гарын авлагад нийцсэн байна. Шалгалтын зорилго нь мэргэжлийн англи хэлний мэдлэг, чадварыг тодорхойлоход оршино.

1.5. Энэ журмын 1.3, 1.4-д заасан сорил шалгалтын гарын авлагыг бие даан судлах эсвэл танхимын сургалтаар судалж болно.

1.6. Энэхүү журмын хэрэгжилтэд Хяналтын зөвлөл хяналт тавьж, ажиллана.

1.7. Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

2.1. Сорилын сургалт, шалгалтыг Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэг \цаашид Нийгэмлэг гэх\ зохион байгуулна.

2.2. Нийгэмлэг нь “Санхүү болон өртөг, удирдлагын бүртгэл”, “Татварын англи хэл”-ний сургалтыг хичээлийн жилийн улирал тутамд \намрын, хаврын\ зохион байгуулна.

2.3. Сорил шалгалт авах комисс нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шалгалтын комиссыг Сургалт, судалгааны менежментийн хорооноос санал болгосны дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар хичээлийн жил бүрийн эхэнд томилно.

2.4. Сорил шалгалтыг Улаанбаатар хотод энэхүү журмын 2.3-д заасан шалгалтын комисс, орон нутагт нийгэмлэгээс томилогдсон гишүүн эсвэл хичээл заасан багш, салбарын эрхлэгч тухайн орон нутгийн татварын хэлтсийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс шалгалтыг авна.

2.5. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалт өгөхийн өмнө энэхүү журмын 1.3; 1.4-д заасан хичээлээр сорил шалгалт өгч, тэнцсэн байна

2.6. Сорил сургалт, шалгалтыг зохион байгуулахдаа тухайн газрын комьютер, техник тоног төхөөрөмж, цахим орчин болон бусад нөхцөл байдалтай нь уялдуулан цахим эсвэл танхимын хэлбэрээр байхыг сонгоно.

2.7. Сорил шалгалтыг Улаанбаатар хотод хичээлийн жилийн улирал тутамд \намрын, хаврын\ 3-аас доошгүй удаа, орон нутагт тухайн салбарын тогтоосон товын дагуу зохион байгуулна.

2.8. Зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд гүйцэтгэх захирлын шийдвэрээр сорил шалгалтыг зохион байгуулж болно. Зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэдэгт аж ахуйн нэгжийн нэгдсэн сургалтад хамрагдсан болон сорил шалгалт өгөхөөр 20/хорь/-иос доошгүй иргэн хүсэлт гаргасан тохиолдлыг авч үзнэ.

2.9. Томилогдсон шалгалтын комисс нь сорил шалгалтын материалыг сургалтын хөтөлбөр, агуулгад нийцүүлэн боловсруулах бөгөөд нууцлалыг хариуцна.

2.10. Энэхүү журмын 1.3; 1.4–т заасан хичээлээр зохион байгуулагдах сорил шалгалтын хугацаа:

2.10.1 “Санхүү болон өртөг, удирдлагын бүртгэл” 1,5 цаг

2.10.2 “Татварын англи хэл” 1 цаг байна.

2.11 Сорил шалгалтын үнэлгээ нь 60/жар/ ба түүнээс дээш үнэлгээг тэнцсэнд тооцно.

2.12 Сорил шалгалтын үнэлгээг томилогдсон шалгалтын комиссын тогтоолоор баталгаажуулан нийтэд мэдээлнэ.

2.13 Сорил шалгалтын материалыг дүгнэх, дүнг нэгтгэх, мэдээлэх ажлыг шалгалт авснаас хойш 24 цагийн дотор зохион байгуулна.

2.14 Сорил шалгалтад тэнцсэн эсэх тэмдэглэгээг Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалтад хамрагдсан батламжид тэмдэглэгдэж, баталгаажуулна.

2.15 Сорил шалгалтын материал, баталгаажсан дүнг сургалтын менежер хариуцан архивлана.

2.16 Сорил шалгалтын материалыг 12 сарын хугацаанд хадгалах бөгөөд хугацаа нь дууссан материалыг нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг устгах ажлыг зохион байгуулах ба баримтжуулна.

3.1 Сорил шалгалтын товыг нийтэд мэдээлснээр бүртгэл эхэлнэ. Бүртгүүлэгч нь “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-д заасан шаардлагыг хангасан байна.

3.2 Бүртгүүлэгч нь нийгэмлэгийн албан ёсны сайтад нэвтэрч, цахимаар бүртгүүлэх бөгөөд шалгалтын төлбөр төлөгдсөнөөр бүртгэл баталгаажна.

3.3 Бүртгүүлсэн мэдээллийн үнэн, зөв байдалд бүртгүүлэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.

3.4 Сорил шалгалтын бүртгэлийг Улаанбаатар хотод сургалтын менежер, орон нутагт салбарын эрхлэгч хариуцна.

3.5 Орон нутагт сорил шалгалтын бүртгэлийг цаасаар бүртгэж болох бөгөөд бүртгэлийн нэгтгэлийг салбарын эрхлэгч нийгэмлэгт цахимаар илгээнэ.

3.6 Сорил шалгалт цахимаар зохион байгуулагдах тохиолдолд нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлсэн цахим хаягаар бүртгүүлэгчид илгээнэ.

3.7 Сорил шалгалтын нэг цагийн төлбөр Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалтын нэг цагийн төлбөртэй ижил байна.

3.8 Бүртгүүлэгч шалгалтад ороогүй тохиолдолд төлбөрийг дараагийн шалгалтад шилжүүлэн тооцохгүй, буцаан олгохгүй болно.

4.1. Сорил шалгалтын материал бэлтгэн олшруулах, дүгнэх, түүнд тавигдах хяналтыг шалгалтын комисс, ажлын хэсгийн хамтаар хэрэгжүүлнэ.

4.2. Холбогдон гарах аливаа асуудал, маргааныг шалгалтын комисс шийдвэрлэж, хариуг өгнө.

4.3. Шалгалтын комисс нь энэхүү журмын 2.9-д заасан заалтыг зөрчсөн тохиолдолд шалгалтын комиссын гишүүнээс түдгэлзүүлнэ.

page-8334