ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГИЙН СУРГАЛТЫН ЖУРАМ

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2.4-р заалт, “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3; 2.4; 2.5; 2.12; 2.14-д заасныг тус тус хэрэгжүүлэх, татварын мэргэшсэн зөвлөхийг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадвар болон ёс зүйг дээшлүүлэх, сургалтын бусад үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2 Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг /цаашид “нийгэмлэг” гэх/-ээс зохион байгуулах сургалт нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, татвар төлөгчдийг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын мэргэшсэн зөвлөхүүдийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүйг сайжруулж, үйл ажиллагаандаа шударга, хараат бус зарчмыг мөрдөж ажиллахыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

1.3 Нийгэмлэг нь татварын мэргэшсэн зөвлөхийн сорил, эрх олгох, эрх сунгах шалгалтад бэлтгэх болон гишүүдийн мэдлэг, чадварыг тасралтгүй хөгжүүлэх, татвар төлөгчдөд татварын хуулийн хэрэгжилтийг хангахад туслалцаа үзүүлэхэд тус тус чиглэсэн төлөвлөгөөт болон захиалгат сургалтыг явуулна.

1.4 Энэхүү сургалтын журмын хэрэгжилтэд Хяналтын Зөвлөл хяналт тавьж ажиллана.

2.1. Энэ журмын 1.3-д заасан сургалт тус бүрийн хувьд сургалтын хөтөлбөрийг боловсруулан мөрдөнө.

2.2. Татварын мэргэшсэн зөвлөхийн сорил, эрх олгох болон эрх сунгах үндсэн сургалтуудад дараах ялгах тоо, үсэг индексийг хэрэглэнэ. Үүнд:

2.2.1 Сорил шалгалтад бэлтгэх сургалт-P100

Санхүү болон өртөг, удирдлагын бүртгэл – P101

Татварын англи хэл – P102

2.2.2 Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалтад бэлтгэх сургалт – E200

Татварын онол-Мэргэжлийн ёс зүй – E201

Хууль эрх зүй – E202

Татварын бүртгэл – E203

СТОУС-ын хэрэглээ – E204

2.2.3 Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалт – C300

СТОУС-ын нэмэлт өөрчлөлтүүд – C301

Хууль эрх зүй – C302

Татварын бүртгэл – C303

Салбарын бүртгэл – C304

Олон улсын татвар – C305

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ-мэргэжлийн ёс зүй – C306

2.2.4 Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалт – C320

Судалгааны арга зүй – C321

СТОУС ба хууль эрх зүйн шинэчлэл – C322

Татварын бүртгэл-Олон улсын татвар – C323

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ-мэргэжлийн ёс зүй – C324

2.3. Үндсэн сургалтын хөтөлбөрт сургалтын агуулга, суралцагчийн эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг олгох хэлбэр зэргийг тусгасан багтаамж \кредит\ цаг байна. Үндсэн сургалтын хөтөлбөрт сургалтын зорилго, үр дүн, ашиглах гарын авлага, ном, сурах бичгийн жагсаалт, бие даан гүйцэтгэх ажлын зөвлөмж зэргийг хавсаргана.

2.4. Кредит цаг нь сургалтын агуулгыг жиших нэгж буюу жинхэнэ гишүүний үүргийн биелэлтийг хэмжих үзүүлэлт юм.

2.5. Суралцагчийн сурах үйл ажиллагаанд зарцуулах кредит цаг нь танхимын сургалт, бие даалт, судалгааны болон бусад даалгаварыг гүйцэтгэх нийт цагаар хэмжигдэнэ.

2.6. Сургалтын үйл ажиллагаанд зарцуулах 24 цагийг 1 кредит цагаар тооцно.

2.7. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ын 2.5-д заасны дагуу 4 чиглэлээр боловсруулна.

2.8. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах шалгалтанд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ын 2.14, энэхүү журмын 2.2.3; 2.2.4-д заасныг тус тус үндэслэн боловсруулна.

2.9. Сорил шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөрийг “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ын 2.4-д заасныг үндэслэн боловсруулна.

2.10. Нийгэмлэгээс гишүүд, татвар төлөгчдийн эрэлт хэрэгцээ, цаг үеийн асуудалд нийцүүлэн үндсэн сургалтаас гадна тасралтгүй хөгжлийн бусад сургалтыг зохион байгуулна. Тасралтгүй хөгжлийн сургалтын хөтөлбөрийг гишүүд, татвар төлөгчдөөс гаргасан захиалга, сургалтын эрэлт хэрэгцээнд үндэслэн тухай бүр боловсруулна.

2.11. Сургалт, судалгааны менежментийн хороо /цаашид “ССМХ” гэх/ үндсэн сургалтын хөтөлбөрийг хичээлийн жил бүрийн эхэнд боловсруулж, Сангийн яамны НБББГ-т батлуулахаар хүргүүлнэ.

2.12. Нийгэмлэг нь татварын чиглэлээр дипломын зэргээс дээш зэргийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан төрийн эрх бүхий байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн бусад холбоо байгууллагатай хамтран хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж болно.

3.1. Нийгэмлэг сургалтыг Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулах ба сургалтын төлөвлөгөөг хагас жил бүр гарган батлуулж олон нийтэд мэдээлж ажиллана.

3.2. Энэ журмын 2.8-д зааснаас бусад бүх сургалтыг нийтэд явуулах ба сонирхсон иргэд хамрагдах боломжтойгоор зохион байгуулна.

3.3. Сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулж болох ба мөн аудио, видео бичлэг ашиглах, багаар ажиллах зэрэг сургалтын арга хэлбэрийг ашиглаж болно. Сургалтын талаарх мэдээлэл тараах, суралцагчдыг бүртгэх, сургалтын төлбөр цуглуулах, сургалтын хуваарь гаргах, гарын авлага тараах зэрэг үйл ажиллагааг сургалтын менежер хариуцна.

3.4. Суралцагчдын бүртгэлийг цахимаар хийнэ. Цахимаар бүртгэх боломжгүй тохиолдолд биеэр ирж болон утсаар бүртгүүлэх боломжтай ба сургалтын төлбөрийг 50 /тавин/ хувийг төлснөөр бүртгэл баталгаажна.

3.5. Хичээлийн нэг цаг 45 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

3.6. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалтад бэлтгэх сургалт:

3.6.1. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах ба суралцагчид сургалтын хөтөлбөрийн 70-аас дээш хувьд хамрагдсан тохиолдолд батламж олгоно.

3.6.2. Батламжийн загварыг Нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн тушаалаар батална.

3.6.3. Батламж нь А /мэргэшсэн нягтлан бодогч/, Б /нягтлан бодогч/, ТУБ /татварын улсын байцаагч/ гэсэн утгыг илэрхийлсэн тэмдэглэгээ болон Улаанбаатар хот, орон нутаг гэж ялгах тус тус тэмдэглэгээтэй байна. /Тухайлбал: УБ/А; УБ/Б; УБ/А-ТУБ; УБ/Б-ТУБ /

3.6.4. Орон нутагт зохион байгуулсан сургалтад хамрагдсан суралцагчдад олгох батламжид тухайн аймгийн нэрийн товчлолыг оруулсан байна. Тухайлбал: Орхон аймаг Ор/А; Ор/Б гэх мэт.

3.6.5. Батламжийг тасралтгүй байдлаар дугаарлах ба сүүлийн суралцагчид олгох батламжийн дугаар нийт суралцагчдын тоог илэрхийлнэ.

3.6.6. Батламжид Гүйцэтгэх захирал болон Сургалт, судалгааны менежментийн хорооны дарга нар тус тус гарын үсэг зурж, нийгэмлэгийн тамга дарснаар баталгаажна.

3.6.7. Батламжид “Сорил шалгалт авах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.14-д заасны дагуу сорил шалгалтад тэнцсэн үнэлгээг давхар тэмдэглэх бөгөөд энэ нь ТМЗ-ийн эрх олгох шалгалтад ороход тавигдах нэг шаардлага болно.

3.6.8. Орон нутагт явуулах сургалтыг тухайн орон нутгаас бичгээр ирүүлсэн хүсэлтэд үндэслэн зохион байгуулна.

3.7. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалт:

3.7.1. Эрх сунгах сургалтын хөтөлбөр, бие даалт, судалгааны ажлын сэдэв, хийх хугацаа, удирдамж, зөвлөмжийг ССМХ-оос бэлтгэнэ.

3.7.2. Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн 9.11.2-д заасны дагуу ирүүлсэн нэр бүхий гишүүдэд энэ журмын 2.8-д заасан хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулна.

3.7.3. ТМЗ-ийн эрх сунгах сургалтын хүрээнд хийх судалгааны ажлыг 3-5 хүний бүрэлдхүүнтэй багаар гүйцэтгэх бөгөөд багийн гишүүн тус бүр багийн бусад гишүүдийнхээ оролцоог дүгнэсэн “peer evaluation” үнэлгээ хийж, судалгаа хариуцсан багшид өгнө.

3.7.4. Судалгааны ажил гүйцэтгэх багууд нийгэмлэгээс гаргасан судалгааны ажлын сэдвүүдээс сонгож болохоос гадна сургалт хариуцсан багштай зөвшилцөж судалгааны өөр сэдэв сонгож мөн болно.

3.7.5. Судалгааны ажлыг өгөгдсөн хугацаанд, нийгэмлэгийн судалгааны төвөөс гаргасан судалгааны ажилд тавигдах шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.

3.7.6. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах сургалтад хамрагдах хүсэлтээ гаргаагүй гишүүний татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг нэг жилийн хугацаанд хадгалах бөгөөд энэ хугацаа өнгөрсөн нөхцөлд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх хүчингүй болсонд тооцон нийтэд мэдээлнэ.

3.7.7. “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журам”-ын 8.2-д заасны дагуу эрх сунгах шалгалтад тэнцсэнд тооцогдох нөхцлийг хангаж байгаа шалгуулагчид нь ёс зүйн зөрчилгүй байхын зэрэгцээ энэ журмын 3.7.2-д заасан сургалтад хамрагдсан байна.

4.1 Нийгэмлэг орон тооны болон орон тооны бус багштай байна.

4.2 Нийгэмлэгийн жинхэнэ гишүүдэд сургалтад хичээл заах, багшлах эрх нээлттэй байх ба өөрийн зүгээс багшлах хүсэлтээ нийгэмлэгт албан ёсоор гаргана.

4.3 Сургалт явуулах багшийг тухайн сэдвээр мэргэшсэн, заах арга зүй эзэмшсэн, их, дээд сургуулийн багш нар болон татвар, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдээс сонгон шалгаруулалт хийж сонгоно.

4.4 Сургалт заах багш, боловсон хүчин нь тухайн сургалтын чиглэлээр нарийн мэргэшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх ба гарын авлага, ном, сурах бичиг бэлтгэн гаргасан байх нь давуу тал болно.

4.5 Энэ журмын 4.3-т заасны дагуу сонгогдсон багштай гэрээ байгуулах ба багш нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллана.

4.6 Багш суралцагчдыг дадлагажуулах, мэргэшүүлэхэд чиглэсэн сургалтын материал бэлтгэх, ур чадвар дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын заах арга зүйг баримтлан ажиллана.

4.7 Сургалт бүрийн дараа суралцагчдаас багшийн заах арга барил, мэргэшсэн байдлыг үнэлэх санал асуулга авах ба санал асуулгын үр дүн багшийг үргэлжлүүлэн багшлуулах эсэх шийдвэрт нөлөөлнө.

4.8 Сургалтад шинэ арга, арга зүй нэвтрүүлсэн, гарын авлага, сурах бичиг бэлтгэсэн, түүний үр дүн нь бодитоор гарсан багшид “ТМЗ-ийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу кредит тооцно.

4.9 Сургалтад ашиглах ном сурах бичиг, гарын авлага:

4.9.1 Сургалтын гарын авлага нь онол, практикийн мэдлэг олгох, жишээ, дасгал, бодлого, кейс асуудлууд багтаасан, хууль эрх зүйн болон цаг үеийн шинэлэг мэдээллийг тусгасан суралцагчийг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.

4.9.2 Нийгэмлэгээс зохион байгуулах үндсэн сургалтуудын гарын авлагын төслийг тухайн мэргэжлийн багш нараас санал авч бэлтгэн, жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор ССМХ- оор хэлэлцүүлэн шаардлагатай тохиолдолд шинэчилж гаргана.

4.9.3 Сургалтын гарын авлагад оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг багш нараас нээлттэй зарлан авч хэлэлцүүлнэ.

4.9.4 Сургалтад хэрэглэх гарын авлага нь хичээл тус бүрээр хэвлэмэл хэлбэртэй байх бөгөөд сэдэв бүр онолын болон дадлага, бие даалт, даалгавар гүйцэтгэх ажлын хэсгүүдтэй байна.

4.9.5 Нийгэмлэгийн сургалтын бодлого, хөтөлбөрт нийцсэн, суралцагчдын хэрэгцээ шаардлагыг хангасан сургалтын гарын авлага, материал, нэмэлт өөрчлөлтийн саналыг багш нарын дунд нээлттэй зарлан, заасан хугацаанд ирүүлсэн материалуудыг ССМХ хянан нэгтгэж, зохиогчтой тохиролцон, гэрээ байгуулан худалдан авч сургалтад ашиглаж болно.

5.1 Сургалт нь төлбөртэй байх ба төлбөрийн хэмжээг Нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн тушаалаар тухай бүр тогтоох бөгөөд Сангийн яамтай байгуулсан гэрээнд заагдсан нэг цагийн төлбөрийн дээд хязгаараас хэтрүүлэхгүй байна.

5.2 Сургалтын төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар төлж болно.

5.3 Үндсэн сургалтаас бусад сургалтанд 20 /хорь/ хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж болох ба энэ талаар сургалтын гэрээнд тусгана.

5.4 Орон нутагт явагдах сорил шалгалтад бэлтгэх болон ТМЗ-д эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтын төлбөрийг 35 /гучин тав/ хүртэлх хувиар хөнгөлж болно.

5.5 Сургалтын менежер сургалтад хамрагдагсдын тоо, сургалтын орлого, зарлага, хөнгөлөлт зэргийг сургалт бүрийн дараа ерөнхий нягтлан бодогчтой тооцоо нийлж баталгаажуулна.

5.6 Сургалтад хүндэтгэх шалтгаанаар суух боломжгүй болсон тохиолдолд сургалтын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.